ᠬᠥᠮᠦᠨ ᠦ᠌ ᠭᠠᠭᠴᠠ ᠯᠠ ᠢᠷᠡᠭᠰᠡᠨ ᠪᠣᠯ-ᠬ ∙ ᠪᠠᠲᠤᠮᠡᠨᠳᠦKhünii gants l irsen bol-Kh.BatmendХүний ганц л ирсэн бол-Х.Батмэнд ᠨᠠᠢᠷᠠᠭᠤᠯᠤᠯ ᠥᠭᠦᠯᠡᠯᠭᠡ

  1. ᠲᠡᠷᠢᠭᠦᠨ ᠨᠢᠭᠤᠷ >
  2. ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᠭᠦᠯᠭᠡ >
  3. ᠬᠥᠮᠦᠨ ᠦ᠌ ᠭᠠᠭᠴᠠ ᠯᠠ ᠢᠷᠡᠭᠰᠡᠨ ᠪᠣᠯ-ᠬ ∙ ᠪᠠᠲᠤᠮᠡᠨᠳᠦKhünii gants l irsen bol-Kh.BatmendХүний ганц л ирсэн бол-Х.Батмэнд

ᠬᠥᠮᠦᠨ ᠦ᠌ ᠭᠠᠭᠴᠠ ᠯᠠ ᠢᠷᠡᠭᠰᠡᠨ ᠪᠣᠯ-ᠬ ∙ ᠪᠠᠲᠤᠮᠡᠨᠳᠦKhünii gants l irsen bol-Kh.BatmendХүний ганц л ирсэн бол-Х.Батмэнд

2026-01-27

257

ХҮНИЙ ГАНЦ Л ИРСЭН БОЛ
Х.Батмэнд

Дайн дууссаны хойтон жил бүрхэг тэнгэрт бүүдгэр саарал гэгээ татав.
Дулам гуай Бор жалгын амны налуу хөх хадны оёор
аргалтай аргаа түшин амарч сууна. Өрнө, дорноос чих
тавьж чимээ сураг сонсох хүсэлд автсан тэрээр Шаргын
говийн зүүнтээ сүүмэлзэх сүрлэг хөх цэнхэр уулсаас нааш
хараа сунган бараа ширтэнэ. Торойх бөртийхийг хол ойр
гэлтгүй саравчилна.
Тээр жилийн хавар өдийд шиг санана. Энэ Дунд
замаар дүрсгүй муу хоёр минь мориныхоо хөлийн тоосыг
эргэж харан харсаар ташуураа гозгонуулж, ямар нэгэн
юм булаалдан биенээ нааш цааш нь үгтээж угзраад
л мориныхоо хоёр тал руу гуйварч дайвалзаад, морь
унасан согтуу хүн болж тоглодог сон. Аав нь хааяадаа
жаахан юм балгачихаараа үеийн хэдтэйгээ нийлээд
хөөрчихнө. Гол өгсөж, уруудан дуулж мориныхоо хоёр
дал руу гуйварч онгирч явахыг нь хүүхэд, нохой хоёр л
хамгийн түрүүн олоод харчихдаг юм хойно доо. Тэрийг
дуурайж хөхрөлдсөөр инээдээ барьж ядан орилж
хашхичин давхисаар л хүрээд ирдэг сэн. “Морь зовоолоо,
та хоёр” гэж муу эцэг нь чөдөр, сураар ороолгож л
байдаг сан. Одоо яг түүн шигээ тэрүүхэн зайвар замаар
нэг сайхан гараад ирээсэй билээ хэмээн бодсоор удаан
суутал яг л өнөөх Хүрэн дэлийн шилээр морьтой улсууд
наашаа давхиад орчих шиг болов. Дунд замаар тоос гарч
харагдлаа. Нүдээ арчаад дахиад хартал яах аргагүй л
хоёр морьтой хүн байх нь тэр. Харин тэр жилүүдийнх шиг
тийм ч их хурдтай биш ажээ. Арай багахан тоос гарахыг
ажвал газар чийгтэйнх, бас миний хоёр хүү цэргийн алба
хааж эр бяр, ухаан санаа тэгширсэн тул ийн бизээ гэж бодов. Өнөөх бага халтар маань хонь дагасан шиг билээ.
Манай хоёрыг тэр танихгүй учир давхиж магад. Хүргэн
хүүхдүүд гэртээ байна уу, алга уу гэж өөртэйгээ ярьсаар
арагтайгаа үүрээд гэрийн зүг явлаа.
Тэрээр, энэ удаад харин таягаа тулмааргүй ч юм
шиг болов. “Эцэг нь өнгөрчихсөн байдаг. Гэтэл би ингэж
дорой харагдахгүй байя даа” гээд өөртөө хатуурхаж
арай жаахан чанга гишгээд түргэхэн явахыг хичээсээр
хотныхоо ар талын толгой дээр гарч иртэл эмээлтэй
морьд гэрийн гадаа уяатай харагдана. Харин өнөөх хоёр
залуу өөдөөс нь алхаад ирж харагдлаа. Тэрлэг, малгай
бүсийг ажвал тохитой аж. Тэрхэн зуур “хоёр хүү минь
бараг л мөн болохоос зайлахгүй дээ” гэж бодон зогтусч,
толгой бөхийсхийж саравчлав. Ээжийн горьдлого хаврын
хөх униарт улам тодорч байв. Тэр хоёр хоорондоо зөөлөн
дуугаар ярилцсаар аажуухан айсуй. Нэгнийх нь яралзсан
цагаан шүд нарны туяанд гялсхийтэл бага хүү Намнан,
нөгөөх нь гараа нэлээд хаялж алхахыг хальтхан харвал
багын дээдэх хүү хоёр мөн шиг харагдав. Хараажын залуу
улсууд болох нь алхаа гишгээнээс нь илхэн.
- Ээ гялай. Ээ гялай. Ишш хөөрхийс, миний муу хоёр
хүү ингээд хүрээд ирдэг байжээ гэж зүрхэндээ шивнэсэн
нь ажигласан хүнд бол бүдэг бадаг сонсогдохоор байлаа.
Ийнхүү горьдлогодоо хөтлөгдсөн Дулам гуай бүр ч их
тэвдэв. Араг дүүрэн өлөн чийгтэй хөх аргал эмгэний нурууг
нэлээд дарж байвч, хажууд ирэхээс нь өмнө аргалаа
буулгаад суух уу, яах уу гэж бодох зуур аньсганд нь
цэлэлзсэн нулимсаа гарынхаа алгаар арчлаа. Нулимсаа
хорьж ядан, урагш зүтгэн саравчлан байж дахин нэг
болгоотол горьдлогын цагаан салхи замхрав бололтой,
найман жил алба хааж ирсэн илээдийн дараах хүүгээ
таньж болсон юм чинь, энэ хоёрыгоо яагаад танихаа
байчихав гэж өөрөөсөө асуулаа. За, бас арга ч үгүй ээ.
Бага залуудаа явцгаасан юм болохоор жаахан хувирсан юм биз дээ гэж бас л өөрийгөө зөвтгөв.
Зүс үл таних залуучууд:
- Сайн байна уу? Дулам гуай, алив аргалыг тань би
үүрье гэтэл,
- Өө, заа яахав ээ, энүүхэн зуур зүгээр дээ гэв.
- Та ядарч байгаа байлгүй дээ, би үүрчихье гэж тэр
хоёр хоёулаа ээлжлэн хэлсэн боловч хүүхдүүд нь бишийг
мэдсэн Дулам гуай тэр хоёрт биш өөртөө жаахан дургүй
хүрэн урагш алхангаа:
- За, яасан сайн хүүхдүүд вэ? Күй ээ та хоёр чинь одоо
хэний хүүхдүүд вэ? гэж нэг хэлэх гэснээ зогсож, хажуу
тийшээ гилжийн “Миний хүүхдүүд л ингэж урдаас угтаж
ирдэг сэн. Минийх биш ч гэлээ ойр хавь айл саахалтынхаа
хүүхдүүдийг танихгүй будилж байна уу даа. Күй ээ
тэгээд яасан сүрхий санаа сэтгэл дэвсэх нь энэ вэ? Лав
л манай эндхийнхний дүр төрх биш дэг ээ” гэж элдвийг
бодон дахиад л тэдний нүүр нүд рүү нь ээлжилж хэсэгхэн
гайхсан харцаар хараад:
- Та хоёр хаанаас хаа хүрч яваа улс вэ? Яагаад таньж
мэдэхгүй залуучууд урдаас тосоод хотны захад ирсэн
хойно аргал түлээ үүрч өгөх болчихов? Манайд хүн алга
уу. Сүрхий зуудаг нохой нь хонь дагасан байх учиртай
гэсээр гэрийн гадаа ирлээ.
Хаврын шар өдөр багахан зэрэг салхи гарч өрхний
оосор бүч дэрвэнэ. Гадаах чулуун хороо хашаан дотор
хэдэн хурга ишиг тоглох нь тоглож, хэвтэх нь хэвтжээ.
Гөлгөн нохой байхдаа тоглож, дассан хоёр хүүг нь санаж
бэтгэрсэн цагаан зүрхтэй хөгшин хар нохойн сэтгэлийн
хүлээлт болбоос Дулам гуайтай бараг л адилхан шахуу
санж. Тэр хотны хөл рүү хөх өтгөн дээр салтаандаа
хошуугаа шургуулж, цагираглан хэвтэж байснаа толгойгоо
аажуухан эргүүлж, хэсэгхэн хором сүүмийн харснаа
дуртай дургүй “Хөв хөв” хуцна. Залуудаа улаан хөлтэй
амьтан урдуур хойгуураа гаргадаггүй байсан Басар босох тэнхэлгүйдээ бус, сэтгэлийн мухарт буй өнөөх
хоёр бишийг мэдсэнээс хойш босож боргох бол хар төвөг
санагдана. Түүнийг зөөлчлөн дулаахан нуруун дээр нь нэг
хөх ишиг, бас нэг халзан хурга хоёул зөрөөд хэвтчихэж.
Хар нохой үр хүүхдээ тойруулж эрхлүүлэх хөгшин настай
хүн шиг ийнхүү хурга ишигний гэдэс бөөрийг дулаацуулж,
номхон ноомой хэвтэх болжээ. Эмээгийн аргалыг өргөж
буулган эргэтэл ишиг хурганууд майлалдан ирж тэдний
хормой хотноос үнэрлэн зарим нь цоройно.
- Энэ муусайчууд өвсөнд ороогүй болохоор өлсөж
байгаа хөөрхийс. Уулын сүүдэр хүүшлээд хонь ирэх
дөхжээ. За, орцгоо орцгоо хүүхдүүд минь гээд зочдыг
эхэлж гэртээ оруулаад өөрөө араас нь дагаж оров.
Нутаг хошуундаа өндөр Дулам хэмээгдсэн энэ буурал
эдүгээ дал шахсан, 14 хүүхдийг төрүүлж өсгөсөн ээж гэхэд
хөнгөн шингэн, ануухан ажээ. Энэ агшинд гадаах гэрийн
эзэд малаасаа ирж буй бололтой төдхөн хүү, хүргэн,
хүүхэн, мөн ач зээ нар нь увж цувсаар орч ирцгээв. Эмгэн
гал дээр цай зүглүүлж байтал бэр хүүхэн нь:
- Ээжээ! За, алив би цай хоол хийе хэмээсээр шалмаг
түргэн хөдөлгөөнтэй шавилхан бүсгүй халуу дүүгтэл
галлаж, удалгүй цай аягаллаа.
Том хүү Гочоо мэнд ус мэдэж, тамхилаад ирсэн хүмүүст
хандан:
- За, нутаг өргөө хаана вэ? Ямар хэргээр явна гэхэд,
- Бид аймгийн төлөөлөгчид байна. Айл амьтнаар орж
явна аа. Танайхныг зорьж ирлээ гэсээр нэг юм хэлэх үү,
байх уу гэсэн шиг хулмаганана.
Залуу хүмүүс атал нүдний харц доохнуур бөгөөд
эдгээрийн гэмшиж халгасан царайнаас Дулам гуай
болон үр хүүхдүүдийн сонь улам босч нүд салгахгүй
ээлжлэн ширтэцгээнэ. Дулам гуай илээд хүү Гочоогийн
амыг нэлээд хардаг учир явуулын хүмүүсээс нэг их
юм асууж шалгаасангүй. Шулуун шударга ааш зантай
Гочоо дайны төгсгөлийн үр дүн болоод дүү нарынхаа
талаар ямар нэгэн сураг ажиг сонсохыг хүсэн хүлээсэн
ч тэднийг эхэлж ам нээхийг хүлээлээ.
Ямартаа ч дайн
байлдааны талаар ямар нэгэн мэдээ хүргэх гэж ирснийг
таван жилийн хугацаатай дайны арын фронтод агтны
хангалтын салаанд албаа нэр төртэй хаасан хүний хувьд
сайтар мэдэрчээ.
Гэвч өнөөх хоёр залуу бие бие рүүгээ харан, харцаараа
ярилцах зуур Гочоод хандан,
- Тантай гадаа гарч уулзмаар байна гэв.
Гочоо ээж рүүгээ эргэж нэг хяламхийснээ,
- За, зорьсон хэрэг явдлаа шууд хэл, хэл. Юунд халгаж
дөлөөд байна, гээд шулуухан байрын царайтай тэр хүн
хөмхийгөө зуун, хөмсгөө зангидан завилгаатай хэвээр
урагш дөхөн суунгаа зөөлөн дуугаар ярилцахыг завдлаа.
- Аанн.., юу.., өршөөж үзнэ үү. Та бол гурван дүүгээ
дагуулж улс эх орныхоо төлөө цэргийн албанд мордсон
билээ. Та таван жил, таны дүү Гомбо найман жилийн
алба хааж дайн байлдаанд улаан нүүрээрээ оролцож, та
нөхдийн хүчээр дайн дажин дуусч манайх ялсан. Өргөн
олон монголчуудын өмнөөс баяр хүргэе, гэсээр хоолой
чичрүүлэн өгүүлэв.
Чих сонсгол, ухаан санаа эрүүл саруул Дулам гуай
зүүн талаас аягатай цайгаа ууж дууссан ч аягаа хоёр
гардан алган дээрээ зөөлөн гэгч эргүүлэнгээ,
- Хүүхдүүд минь ээ! Та нар ямар юмаа нууж дүлэгнээд
байна вэ? Надаас нуулгүй ярьж хэлээрэй гэж ямартаа ч
түргэхэн нэг талд нь багтахыг хүссэн царайгаар харав.
Албаны улсууд, аргадангуй зөөлөн харцаар харж,
- Та тайван байхыг хичээж үзнэ үү гэж нам дуугаар
хэлээд - Олон сайхан залуус буцаж ирж чадсангүй гэв.
Дулмаа гуай,
- Хөгшин эгч нь хоёр муу хүүхдийнхээ сургийг гаргамаар
байна. Үхсэн амьдыг нь л мэдэх гэсийм гэж тэдний ам
хэлийг сугалах шахав. Дээд талд нь суусан залуу босч
зогсон хормой, хоолой нь чичирхийлэн байж хэлэхдээ:
- Дулам гуай, өршөөж үзнэ үү! гэсээр түрүүхэн том хүү
Гочоод хэлсэн үг өгүүлбэрийг давтан зоригтойгоор ийн
өгүүлжээ.
- Манай Монгол Улс, орос ах нартайгаа нийлж хамтран
зүтгэсээр аюулт дайсныг дарлаа. Энэ дайнд оролцохоор
танайх...Чанарав гуайнх дөрвөн сайхан хүүгээ цэрэгт
мордуулсан билээ. Иймээс хоёр том хүү Гочоо, Гомбо нар
эх орноо хамгаалан тэмцээд, эсэн мэнд буцаж ирсэн нь
сайн мэдээ билээ. Ааннн... ннн... . Харамсалтай нь бага
хоёр хүү Мандал, Сэрчин нар минь эх орныхоо төлөө
амь бие үл хайрлан, галын шугаманд байлдаж баатарлаг
гавьяа байгуулж дайсныг дарсан боловч энэ аймшигт
дайны сүүдэр тусчихлаа гэж хэлэв.
- Юу гэнээ...гэсээр зүүн талаас эгч нь баймаар эмэгтэй
өндөр дуугаар лавлах явцад гэр дүүрэн харуусал гашуудал
болж нулимс асгаруулан агаар салхигүй бүгчимдэх шиг
боллоо. Мэдээ дуулгагч “Эх орноо амиараа хамгааллаа”
гэж хэлэх боловч дуу нь гарч өгөхгүй, ам нь хөдлөхөөс
цаашгүй болж, хоолой нь зангирав. Гэрт буй хэн бүхэн
уйлалдан гашуудсаар удлаа. Гочоо гуай ээжийгээ тайван
байхыг анхааруулж хэлсэнгүй. Тамхиа татаад бүрхсэн
тэнгэр адил хүрлийж бараантан таг дуугүй тонгойн сууна.
Тэр гэрт ганцхан хүн нулимс гаргаж орилж чарласангүй,
харин ч бүр үр хүүхдүүдээ тайвшрахыг том дуугаар
зандран хэлэх сацуу хүүхдүүдээ нэг нэгээр нь толгойг нь
илж үнэрлэх зуур,
- Албаны улс амьтан ирсэн байхад хүүхдүүд минь
сэтгэлээ барьцгаа. Ер сайн муу ямар ч мэдээнд
хүндэтгэлтэй хандах учиртай. Алив, цэрэгт яваад ирсэн
хүн байна даа,
- Гочоо бос. Би ч мөн босьё гэв. Хүүхдүүд нь ч босоод
зогслоо. Ээж нь,
- Гочоо хүү минь цэрэгт явахдаа гэр бүл үр хүүхдүүдтэй
болчихсон байсан. Гомбо нь цэргээс ирсэн хойноо бас
гэр бүл зохиож манайхаас арай жаахан хол нутаглаж
сайн сайхан л амьдарч байна гэсээр албан ёсоор мэдээ
дуулгасан хоёр залууд хандаж,
- За ямар ч байсан цаад газрын дайн дууссан гэв үү
дээ. Хэдэн цэрэг амь үрэгдэв? Овоо хэд нь буцаж ирж
чадав уу үгүй юу? Эх хүний хувьд надад ямар л олиг
байхав дээ, тэр мэдээж хэрэг. Хэцүү байна, гаслантай
байна. Хэдэн өдөр доод зовхи татаад бүүр болоогүй юм
аа. Ийм л мэдээ дуулах байсан юмсанж гэсээр цэлхэрч
унжсан зовхины цаанаас гарах нулимсыг арьсаа цоолох
шахсан хатангир ясан гарынхаа алгаар зөөлөн дарж, гар
хөл нь чичирхийлж, царай зүс нь шандуурч буй зулын
гэрэл лугаа болсноо гэнэтхэн засарч,
- За, одоо яалтай билээ. Сууцгаа хүүхдүүд минь. Энэ
хоёр залуу намайг сандарч, унаж тусаж, уйлж гашуудахаас
нэлээдхэн айж эмээж байх шиг харагдлаа. Эмээ нь
сэтгэлээ барья аа. Нэгэнт дайн дууссан юм хойно. Миний
муу хоёр хүү яахав ээ, аминаас үнэтэй эх орондоо тангараг
өргөсөн цэрэг хүн үүргээ гүйцэтгэж яваад л энэ биз. Би 14
хүүхэд гаргасан хүн. Нэг нь ч өвдөж зовоож байсангүй.
Дөрвөн хүүгээ цэрэгт мордсон хойно хань ижил минь өөд
болсон боловч бид амьдрах гээд зүтгэж л явна. Үхсэнийг
дагаж үхдэггүй юм. Хорвоо эрээн бараантай шүү. Миний
хоёр хүү амь алдсан байлаа ч цаана нь овоо хэдэн хүүхэд
минь үлдсэн юм хойно яая гэхэв хэмээгээд, - Күй ээ, өнөө
муу Нямын ганц хүү Төмөр ирсэн болов уу? гэсээр ихэд
ярвайн царайчлангуй харцаар хариу хүлээтэл,
- Төмөр ирсээн ирсэн.
- Бие хаа нь гайгүй юу? Эрүүл ирсэн бий байгаа даа?
гэв.
- Эсэн мэнд, эрүүл саруул албаа нэр хүндтэй сайн
хаагаад ирсээн гэх хариу сонсоод,
- Ээ, хөөрхий дөө, миний өнөө муу хоёртой минь андалж
үерхээд, манайхаар л орж гарч гүйсээр том болсон доо.
Төмөр бүүр дурласаар байгаад явсан юм. Айлын ганцхан
хүү, хөөрхий тэр л ирсэн бол одоо тэгээд бусад нь өөрөө
мэдсэн хэргээ гээд нүүрэнд нь гэрэл гийх шиг болж,
амь үрэгдсэн хоёр хүүгийнх нь нэг босоод ирчихсэн мэт
залбирав.
- Алив та нар одоо жаахан тайвширч үз. Энэ албаны
улсад дориухан унд хоол хийж өг. Олон айл амьтанд муу,
сайн мэдээ дуулгаж, сандчиж дотор нь эмтэрч яваа л даа.
Эвий эвий, миний хоёр жаахан хүүгээс ялгаа юу байхав,
хөөрхийс гээд гэм хийсэн мэт суугаа өнөөх хоёрыг хараад,
- За алив, наашаа хүрээд ир. Бас л хаа газрын хүний
сайхан үрс шүү дээ. Эмээ нь нэг...гэсээр гарынхаа алгыг
тэнийлгэж хошуу цорвойлгон дуудаад нэг нэг үнсэж
орхив. Энэ агшинд өнөөх хоёрын сэтгэл зүрх шимширч
нулимсаа барьж ядан шүд зууж, Дулам эмгэнийг тэврээд
уйлчихмаар болж, хоёр хүүг нь өөрсдөө хөнөөчихсөн мэт
гэмшингүй байлаа.
Дулам гуай хоймор авдран дээрээ зул хийж эрхээ
гарган амандаа гүвтнэн маани уншин суух зуураа,
- Эвий эвий, муу хоёр хүү минь ганцхан насны зөрүүтэй
аяганы ах дүү юмсан. Ихэр хурга шиг салдаггүйсэн. Бага
залуугийн гэнэн цайлган юм болохоороо айхаа мэдэхгүй
хаа хамаагүй сагсуурч гүйж, харайж яваад дайсанд
буудуулчихсан л даа чааваас. Ээ халаг гэж. Энэ хоёр ах
нь хашир юм болохоор аягүй бол юмны араар орчихсон
байхаа чадах л юм гэж хэлээд гуниглаж гашуудсан үр
хүүхдүүд, ач зээ нараа тэрүүхэн эгшинд нэг инээлгээд
авлаа. Гэтэл нэг хүүхэд нь,
- Ээж минь дээ, ээж минь. Хүүхэд шиг л юм яриад
аашлаад байх юм. Уйлж унжих ч үгүй, хаашаа ч юм бэ
дээ та минь, гэтэл,
- Хүүе, хүүхдүүд минь би уйлах болоогүй. Ээж нь хонь
хурганы цаагуур аргал түлээ түүж явахдаа нэг хад чулууны
ард ороод уйлчихна аа. Нэгд, энэ албаны хүмүүсийн
сэтгэлийг нь бодоод байна. Хоёрт гэвэл би ганцаараа
хоцорчихсон биш. Та нар минь бас байна. Ийм л хувь
заяатай санж. Миний том хоёр хүү сайн сайхан яваад
ирлээ. Бага хоёр хүүгээ эх орондоо өргөчихлөө. Ээ дээ,
лай ланчиг гэхээсээ илүү өр төлөөс биз дээ. Эр хүн чинь
улс орноо хамгаалах гэж л төрдөг юм гэнэ лээ. Зарим үед
хатуу байх хэрэгтэй. Зовлонг сөрдөг болохоос дагадаггүй
юм гэж байн байн үглэх нь хэрэг дээрээ өөрийгөө болон
өрөөлийг тайвшруулах хатан ухаан байлаа.
***
Нутаг нугынхан өндөр Дулам гуайг өрөвдсөөр
уулзаж, зовлонг нь хуваалцаж ярьж хөөрнө. “Залуудаа
олон хүүхэд гаргасан энэ хүн насны эцэст зовлон үзэж
дээлтэйгээ хатчихав гэлээ, чааваас” гэлцэнэ. Зарим
нь “Будаач, будаач гэхэд сахлаа будна гэгчээр өгөөмөр
өөдөө гэхэд арай ч дээ. Нэг их унжиж урвайхгүй байгааг
нь ээ. Эх хүн гэхэд арай муухай хатуу сэтгэлтэй гэзэгтэй
юм гээч” гэлцэх нь ч бий.
Зуны эхэн сар гарч, гол усаараа сааль сүү базаах
үед хүн малын зоо тэнийж, дайны дараах зовсон сэтгэл
зуурхан ч атугай боргошиж байв. Сул гишгэх байвч чанга
гишгэж алхана. Дээлийн бүс, өр дотроо нэгэнт чангалсан
ээж хээрийн салхинд буянт малынхаа дэргэд сэтгэл
юугаа тэнийлгэх гэж ихэд хичээн, яв явсаар ийн ажээ.
Угалзын нуурын ус нэгэн хэвийн давалгаалж, хос ангир
нуурын захаар нь гунганалдаж, малын цаагуур нисэхийг
хараачлан элдэв бодлыг эргэцүүлнэ. Уулын жаахан
нуурын ааль хүний сэтгэлийг ихэд хөдөлгөм ажээ. Тэрээр
хонио услаад номхон хээр морио хөтлөн аажмаар Угалзын
дух тийшээ малаа хандуулж явтал унтаж хоцорсон хоёр
ноолгор бор ишиг чичгэнэтэл майлсаар ижил сүргийнхээ араас гүйгээд ирж яваа харагдлаа.
Бага хүү нь цэрэгт явдаг жилээ гар дээрээсээ цэцэг
навч элдэв юм өгч хооллосоор хүүхэд шиг ярилцаж
эрхлүүлчихсэн “Залхуу хар” хэмээх хар ямаа нь энэ жил
ихэрлээд, хөөрхий тэр хөгшин хар ямаа хахиа хаврын
их зуднаар онд оролгүй эрсэдсэн аж. Хүний гараас угж
хөхөж, эр сайндаа бусдын хөх дэлэнг хогшиж загиссаар
мөргүүлж сэжлүүлэн байж хөх ногоотой залгасан өнөөх
хоёр ишиг ижил сүрэг рүүгээ биш эмгэний дэргэд гүйгээд
ирлээ.
Дотроо өр нь эмтэрч өмөлзөн, гаднаа тэсч тэвчиж
яваа хөөрхий муу Дулам гуайн гандаж өжирсөн муу бор
даавуун тэрлэгийнх нь салбарсан хормойг урд хөлөөрөө
маажиж малтаад эрхлэн цоролзоно. Амнаас нь агь
шавгийн анхилам үнэр ханхийж, хайр энэрэл горьдсон
харцаар бүлтийтэл ширтэн тормолзоход нь ихэр хурга
шиг ижилдэн торнисон хоёр хүүгийнх нь нүд, сэтгэл,
хошуу, ам, гар хөл мэт бодогдов. Дулам эмгэний хоёр чих,
хацрыг халуу оргитол долоолон, мөр өөд нь зэрэг зэрэг
асав. Эмгэн өнчин ихэр ишгийг хараад дотор нь эмтэрч
өөрийн эрхгүй хурсан нулимсаа асгарууллаа. Дэлэн хөхөө
өгч ивлэх эхгүй болсон энэ муу хоёр нялх адгуус амьтан
намайг ингэтэл их мөрөөсөх атал миний дотроос үүсч,
дороос унаж, энгэрт эрхэлж, ижилдэж өссөн хоёр хүү
минь хэзээ ч ирэхгүй гэж бодолхийлээд хөөрхий эмгэний
арга барагдан ихэр ишгийг эрхлүүлж суув.
Дулам эмгэний сэтгэл зүрхийг тольдсон дээд их
тэнгэр малгайн чинээхэн хар үүлнээсээ хэсэгхэн бороо
оруулаад сэтгэлийг нь засч байна уу гэлтэй хөх тэнгэрт
алтан наран түүний гадна талаас аргадангуй төөнөж
илбэв. Хужир салааны эхэнд налайж тогтох хонин
сүргийн дээгүүр солонго татаж, тэртээ цаад уулын тагд
хөхөө донгодоно. Хажуухан талд Дулам эмгэний цүдгэр
гэдэстэй хонины хээр морь “ширр ширр” хийлгэн борог
зулгааж нялх ногооны шүүсээр тургилна. Зуны өдрийн
ийм их хөг аялгуу өндөр Дулам гуайн өр зүрхийг улам бүүр
өнчрүүлж, нөгөөтэй зовлон зүдгүүрээр нь даажигнаад
байна уу даа гэмээр болж байтал чихэнд нь хэн нэгэн
шивнэх шиг болов гэнэ.
- Ээжээ, хоёр хүү нь улаан нүүрээрээ тулалдан барин,
бие бараагүйсэн бол дайн дуусаж бид ялахгүй байсан
шүү дээ. Таныхаа ач гуч нь болж төрнө өө! Миний ээж,
тайван амгалан байж байгаарай гэж хэлэх шиг болоход,
өндөр Дулам гуай сэтгэлээ барьж, шийдмэгхэн ухасхийн
бослоо.
/ Тайлбар/
Миний өвөө Пүрэвжалын Гончиг гурван
дүүтэйгээ дөрвүүлээ ар араасаа цэрэгт мордож
дайнд оролцсон боловч дүү П.Бямбажав нь найман
жилийн алба хааж эргэн иржээ. Харин хоёр дүү
П.Цонхлон, П.Сундуй нар нь цэргээс эргэж ирээгүй
гэдэг. Дайны хүнд хэцүү жилүүдэд өвөөгийн минь
эцэг Н.Пүрэвжал насан өөд болжээ. Ийнхүү хоёрын
хоёр хүүгээ алдсан өндөр буурал ээж Цэнд болон
түүний гэр бүл, үр хүүхдүүдийнх нь гэгээн дурсгалд болон, Ардын хувьсгалын, Зэвсэгт хүчний 100 жилийн ойд зориулав...
"ХАЙРААР ДҮҮРДЭГ ТАВИЛАН "
Номоос.
Хумбагарын Батмэнд.