ᠨᠠᠢᠵᠠ ᠨᠠᠷ ᠲᠤ ᠪᠠᠨ ᠪᠢᠴᠢᠭᠰᠡᠨ ᠵᠠᠬᠢᠳᠠᠯ- ᠷ ᠴᠣᠢᠨᠣᠮНайз нартаа бичсэн захидал-Р᠂ Чойном
ᠨᠠᠢᠵᠠ ᠨᠠᠷ ᠲᠤ ᠪᠠᠨ ᠪᠢᠴᠢᠭᠰᠡᠨ ᠵᠠᠬᠢᠳᠠᠯ
ᠷ· ᠴᠣᠢᠨᠣᠮ
ᠨᠠᠢᠵᠠ ᠯᠠ ᠲᠠ ᠨᠠᠷ ᠲᠤ᠌ ᠪᠠᠨ ᠪᠢ ᠵᠠᠬᠢᠳᠠᠯ ᠪᠢᠴᠢᠬᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠴᠢᠷ
ᠨᠠᠰᠤ ᠯᠠ ᠪᠡᠶᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠢᠨᠢ ᠦᠳᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠯᠠᠭᠤᠨ ᠥᠩᠭᠡᠷᠡᠯᠡ
ᠨᠠᠢᠷᠠᠭ ᠰᠢᠯᠦᠭ ᠦ᠋ᠨ ᠮᠢᠨᠢ ᠡᠭᠦᠯᠡᠨ ᠰᠡᠭᠦᠳᠡᠷ ᠨᠢᠮᠭᠡᠷᠡᠯᠡ
ᠨᠠᠷᠭᠢᠶᠠᠨ ᠳᠠᠷᠭᠢᠶᠠᠨ ᠦᠵᠡᠯ ᠪᠣᠳᠣᠯ ᠮᠢᠨᠢ ᠬᠤᠪᠢᠷᠠᠯᠠ
ᠦᠶᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠ ᠨᠠᠷ ᠲᠤ᠌ ᠪᠠᠨ ᠪᠢ ᠵᠠᠬᠢᠳᠠᠯ ᠪᠢᠴᠢᠬᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠴᠢᠷ
ᠦᠵᠡᠬᠦ ᠶᠣᠰᠣᠲᠠᠢ ᠶ᠋ᠢ ᠦᠵᠡᠵᠦ᠂ ᠳᠠᠭᠤᠯᠠᠵᠤ ᠪᠣᠯᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠭᠤᠯᠠᠯᠠ
ᠦᠭᠡ᠂ ᠴᠠᠭ ᠬᠣᠶᠠᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠨ ᠬᠡᠮᠨᠡᠳᠡᠭ ᠴᠠᠭ ᠮᠢᠨᠢ ᠪᠣᠯᠤᠯᠠ
ᠦᠢᠮᠡᠭᠡᠨ ᠠᠢᠮᠠᠭᠠᠨ ᠪᠠᠭᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠩ ᠮᠢᠨᠢ ᠬᠤᠪᠢᠷᠠᠯᠠ
ᠥᠪᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠭᠡᠰᠡᠨ ᠦᠶᠡ ᠳ᠋ᠡᠭᠡᠨ ᠵᠡᠷᠭᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠥᠬᠥᠳ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠨ ᠣᠯᠵᠤ
ᠥᠷᠯᠥᠭᠡ ᠵᠢᠷᠭᠢᠬᠦ ᠪᠣᠯᠵᠣᠮᠣᠷ ᠤ᠋ᠨ ᠥᠷᠥᠭᠡᠰᠦᠨ ᠵᠢᠭᠦᠷ ᠪᠣᠯᠵᠤ
ᠥᠨᠢᠷ ᠶᠡᠬᠡ ᠨᠠᠢᠷᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠲᠩᠷᠢ ᠪᠡᠷ ᠴᠣᠢᠯᠠᠵᠤ ᠶᠠᠪᠤᠬᠤ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ
ᠥᠨᠥᠳᠥᠷ ᠢ᠋ ᠪᠣᠳᠣᠪᠠᠯ ᠪᠢ ᠣᠪᠣᠭᠠ ᠯᠠ ᠶᠠᠪᠤᠭᠰᠠᠨ ᠪᠠᠢᠵᠤ ᠮᠠᠭᠠᠳ ᠦᠭᠡᠢ
ᠨᠠᠮᠠᠢ ᠶᠠᠮᠠᠷ ᠪᠠᠢᠭᠰᠠᠨ ᠢ ᠶᠠᠭ ᠯᠠ ᠲᠡᠷᠡ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠳ ᠦ᠋ᠨ ᠮᠢᠨᠢ
ᠨᠠᠢᠷᠠᠭ ᠰᠢᠯᠦᠭ ᠲᠡᠢ ᠬᠠᠮᠲᠤ ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠳ᠋ᠦ᠍ ᠪᠡᠨ ᠡᠭᠦᠷᠢᠳᠡ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠭᠠᠷᠠᠢ
ᠨᠠᠢᠷ ᠤ᠋ᠨ ᠳᠤᠭᠤᠷᠠ ᠶ᠋ᠢ ᠣᠷᠬᠢᠵᠤ ᠨᠠᠢᠵᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠣᠰᠣ ᠶ᠋ᠢ ᠣᠭᠣᠷᠴᠤ
ᠨᠠᠮ ᠭᠦᠮᠬᠡᠨ ᠪᠤᠯᠤᠩ ᠳ᠋ᠤ᠌ ᠨᠠᠷᠠᠯᠠᠬᠤ ᠴᠠᠭ ᠮᠢᠨᠢ ᠦᠯᠡᠲᠡᠯᠡ
ᠰᠠᠪᠠᠭᠠ ᠦᠭᠡᠢ ᠨᠢ ᠦᠨᠡᠨ ᠭᠡᠯᠡ ᠴᠦ᠍ ᠰᠢᠯᠦᠭᠴᠢ ᠬᠥᠮᠦᠨ ᠦ᠌ ᠰᠡᠳᠬᠢᠯ
ᠰᠠᠯᠬᠢᠨ ᠤ᠋ ᠴᠢᠭ ᠵᠢᠭᠠᠳᠠᠭ ᠳᠤᠮᠳᠠ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠭᠠᠵᠢ ᠰᠢᠭ᠋
ᠥᠷᠯᠥᠭᠡ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠴᠢᠭ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠨ ᠣᠷᠣᠢ ᠰᠣᠯᠢᠬᠤ ᠤᠴᠢᠷ ᠦᠭᠡᠢ ᠴᠦ᠍
ᠥᠰᠬᠦ᠂ ᠥᠲᠡᠯᠬᠦ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ᠌ ᠬᠡᠮᠵᠢᠶᠡ ᠭᠡᠵᠦ ᠪᠠᠢᠳᠠᠭ ᠪᠠᠢᠨᠠ
ᠬᠥᠮᠦᠨ ᠦ᠌ ᠮᠥᠰᠥ ᠭᠡᠵᠦ ᠪᠢ ᠬᠦᠨᠳᠦ ᠰᠠᠢᠨ ᠢ᠋ ᠪᠣᠳᠣᠳᠠᠭ ᠰᠠᠨ
ᠬᠥᠮᠦᠰ ᠢ᠋ ᠭᠡᠭᠰᠡᠭᠡᠷ ᠶᠠᠪᠤᠭᠠᠳ ᠥᠪᠡᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠨ ᠬᠣᠬᠢᠷᠠᠬᠤ ᠶᠣᠰᠣᠨ ᠪᠠᠢᠨᠠ
ᠬᠦᠷᠲᠡᠭᠰᠡᠨ ᠡᠨᠡ ᠪᠡᠶᠡ ᠣᠯᠳᠠᠭᠰᠠᠨ ᠠᠪᠢᠶᠠᠰ ᠬᠣᠶᠠᠷ ᠲᠤ᠌ ᠪᠠᠨ
ᠬᠦᠨᠡᠢᠷᠬᠡᠦ ᠶᠠᠪᠤᠬᠤ ᠶᠤᠮ ᠪᠣᠯ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠬᠡᠷᠡᠭ ᠤᠤ ᠪᠣᠢ?
ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ ᠭᠡᠵᠦ ᠪᠢ ᠵᠠᠯᠠᠭᠤ ᠴᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠮᠥᠷᠦᠭᠡᠰᠦᠯ
ᠠᠯᠳᠠᠭᠠ ᠤᠨᠤᠭᠠ ᠠᠯᠠᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠠᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠷᠭᠤᠢ ᠵᠠᠮ
ᠠᠮᠠᠷᠠᠭ ᠪᠦᠰᠡᠭᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠦᠵᠦᠭᠦᠨ ᠳᠡᠭᠡᠷᠡᠬᠢ ᠴᠢᠰᠤ ᠬᠤᠷᠠᠭᠰᠠᠨ ᠲᠣᠯᠪᠣ
ᠠᠷᠢᠬᠢᠨ ᠳᠡᠭᠡᠷᠡ ᠤᠩᠰᠢᠬᠤ ᠰᠢᠯᠦᠭ ᠨᠠᠢᠵᠠ ᠨᠠᠷ ᠭᠡᠵᠦ ᠪᠣᠳᠣᠳᠠᠭ ᠰᠠᠨ
ᠡᠳ᠋ᠯᠡᠭᠰᠡᠨ ᠬᠤᠷᠢᠶᠠᠭᠰᠠᠨ ᠶᠠᠭᠤᠮᠠ ᠦᠭᠡᠢ ᠠᠯᠳᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠢᠲᠢᠮ ᠡᠮᠦᠰᠬᠦ
ᠡᠬᠡᠨᠡᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠨ ᠬᠣᠭᠣᠯᠠ ᠦᠭᠡᠢ ᠣᠷᠬᠢᠭᠠᠳ ᠠᠷᠢᠬᠢᠳᠠᠵᠤ ᠵᠠᠪᠬᠠᠷᠠᠵᠤ ᠶᠠᠪᠤᠬᠤ
ᠡᠷᠬᠡ ᠴᠢᠯᠥᠭᠡᠨ ᠦ᠌ ᠲᠤᠬᠠᠢ ᠠᠮᠠ ᠮᠡᠳᠡᠨ ᠳᠡᠮᠡᠢᠷᠡᠬᠦ
ᠡᠨᠡ ᠪᠥᠬᠥᠳᠡᠨ ᠢ᠋ ᠪᠢ ᠥᠪᠡᠷ ᠡᠴᠡ ᠪᠡᠨ ᠴᠦ᠍ ᠬᠠᠢᠷᠠᠲᠠᠢ ᠶᠠᠪᠤᠯᠠ
ᠢᠩᠭᠢᠵᠦ ᠶᠠᠪᠤᠯᠠ ᠭᠡᠳ ᠭᠡᠢᠭᠡᠭᠰᠡᠨ ᠨᠢ ᠠᠯᠢ ᠪᠣᠢ? ᠭᠡᠵᠦ
ᠶᠡᠬᠡᠩᠬᠢ ᠬᠥᠮᠦᠰ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠭ ᠠᠭᠰᠠᠨ ᠴᠤ᠌ ᠲᠡᠳᠡ ᠴᠦ᠍ ᠪᠠᠰᠠ ᠲᠡᠨᠡᠭ ᠪᠠᠢᠵᠤ
ᠡᠷᠭᠢ ᠦᠭᠡᠢ ᠤᠷᠤᠰᠤᠭᠰᠠᠨ ᠭᠣᠣᠯ ᠰᠢᠭ᠋ ᠬᠠᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠢ᠋ ᠴᠢᠭᠢᠭᠯᠡᠵᠦ
ᠡᠯᠡᠰᠦᠨ ᠪᠡᠶᠡ ᠳ᠋ᠦ᠍ ᠪᠡᠨ ᠬᠦᠷᠲᠡᠯᠡ ᠴᠡᠴᠡᠭ ᠤᠷᠭᠤᠭᠤᠯᠵᠤ ᠶᠠᠪᠤᠭᠰᠠᠨ ᠶᠤᠮ
ᠵᠠᠯᠠᠭᠤ ᠴᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠨᠥᠬᠥᠳ ᠲᠡᠢ ᠰᠠᠯᠬᠢ ᠵᠠᠯᠭᠢᠵᠤ ᠶᠠᠪᠤᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠬᠢ
ᠽᠠᠮᠪᠤᠲᠢᠪ ᠢ᠋ ᠣᠢᠯᠠᠭᠠᠵᠤ ᠬᠥᠮᠦᠰ ᠦ᠋ᠨ ᠶᠣᠰᠣ ᠶ᠋ᠢ ᠲᠠᠨᠢᠵᠠᠢ
ᠵᠢᠷᠦᠬᠡᠨ ᠦ᠌ ᠲᠣᠯᠲᠣᠨ ᠳᠡᠭᠡᠷᠡ ᠮᠢᠨᠢ ᠲᠣᠩᠭᠣᠴᠢᠵᠤ ᠥᠰᠬᠦ ᠰᠢᠯᠦᠭ ᠦ᠋ᠨ
ᠵᠡᠭᠦᠳᠦ ᠵᠦᠩ ᠳ᠋ᠦ᠍ ᠪᠠᠭᠲᠠᠮᠠ ᠦᠭᠡᠢ ᠣᠩᠭᠣᠳ ᠴᠠᠳᠢᠭ ᠢ᠋ ᠣᠯᠵᠠᠢ
ᠰᠠᠪᠤᠩᠳᠠ ᠪᠤᠴᠠᠯᠤᠭᠰᠠᠨ ᠶᠠᠭᠤᠮᠠᠨ ᠤ᠋ ᠭᠠᠷᠬᠤ ᠨᠦᠬᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠥᠭᠯᠡᠪᠡᠰᠦ
ᠰᠠᠨᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ᠌ ᠦᠭᠡᠢ ᠨᠢᠭᠡ ᠭᠠᠵᠠᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠨ ᠲᠠᠰᠤᠷᠠᠵᠤ ᠤᠷᠠᠭᠳᠠᠬᠤ ᠶᠣᠰᠣ ᠪᠣᠢ
ᠰᠠᠭᠰᠠᠭᠤ ᠵᠠᠯᠠᠭᠤ ᠨᠠᠰᠤᠨ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ ᠳᠡᠩᠳᠡᠭᠦᠦ ᠵᠠᠳᠠᠭᠠᠢ ᠶᠠᠪᠤᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠬᠢ
ᠰᠠᠢᠬᠠᠨ ᠪᠦᠬᠦᠨ ᠢ᠋ ᠴᠦ᠍ ᠣᠯᠤᠯᠠ᠂ ᠮᠠᠭᠤ ᠨᠡᠷᠡ ᠶ᠋ᠢ ᠴᠦ᠍ ᠬᠦᠷᠲᠡᠯᠡ
ᠣᠳᠣ ᠶᠠᠭᠠᠬᠢᠬᠤᠪ ᠨᠠᠳᠠ ᠳ᠋ᠤ᠌ ᠡᠷᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠢᠰᠢ ᠪᠦᠲᠦᠭᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠴᠠᠭ
ᠣᠯᠬᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠯᠥᠭᠡ ᠪᠤᠰᠤ ᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠨ ᠡᠳ᠋ᠯᠡᠬᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠯᠥᠭᠡ
ᠣᠪᠣᠩ ᠲᠣᠪᠣᠩ ᠲᠠᠢ ᠵᠠᠮ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠷ ᠦᠰᠦ ᠪᠡᠨ ᠴᠠᠢᠲᠠᠯᠠ ᠲᠡᠨᠦᠵᠦ
ᠣᠷᠴᠢᠯᠠᠩ ᠳ᠋ᠤ᠌ ᠭᠠᠢᠬᠠᠭᠤᠯᠬᠤ ᠶᠠᠭᠤᠮᠠ ᠰᠢᠯᠦᠭ ᠦ᠋ᠨ ᠲᠡᠳᠦᠢ ᠦᠯᠡᠳᠡᠵᠦ ..᠃
ᠡᠰᠡᠨ ᠪᠣᠰᠤᠨ ᠤ᠋ ᠲᠡᠪᠡᠷᠡᠭᠡᠯ ᠵᠤᠭᠠ ᠨᠠᠭᠠᠳᠤᠮ ᠬᠡᠷᠡᠭᠦᠯ
ᠡᠨᠳᠡ ᠲᠡᠨᠳᠡᠬᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠳᠡᠰᠢᠯᠡᠭᠡ ᠭᠠᠰᠢᠭᠤᠳᠠᠯ ᠲᠠᠯᠠᠷᠬᠠᠯ ᠳᠤᠷᠠᠯᠠᠯ
ᠡᠯᠪᠡᠭ ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠳᠤᠰᠤᠯᠠᠬᠤ ᠤᠰᠤᠯᠠᠬᠤ ᠴᠢᠰᠤᠯᠠᠬᠤ
ᠡᠨᠡ ᠪᠦᠬᠦᠨ ᠪᠠᠶᠠᠷᠲᠠᠢ ᠦᠢᠮᠡᠵᠦ ᠳᠠᠷᠪᠢᠵᠤ ᠬᠠᠨᠤᠯᠠ
ᠰᠢᠳᠢ ᠶ᠋ᠢ ᠣᠯᠬᠤ ᠡᠷᠳᠡᠮ ᠬᠤᠲᠤᠭ ᠢ᠋ ᠣᠯᠬᠤ ᠤᠪᠠᠳᠢᠰ ᠢ᠋ ᠴᠦ᠍
ᠰᠢᠮᠡᠳᠴᠦ ᠰᠤᠷᠬᠤ ᠰᠠᠨ ᠭᠡᠵᠦ ᠨᠣᠢᠷ ᠦᠭᠡᠢ ᠬᠣᠨᠣᠬᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠷᠤᠵᠠ
ᠰᠢᠨᠡ ᠪᠡᠷ ᠪᠢᠴᠢᠬᠦ ᠰᠢᠯᠦᠭ ᠲᠦ᠍ ᠯᠡ ᠨᠢᠭᠡᠨ ᠱᠠᠲᠤ ᠨᠡᠮᠡᠬᠦ ᠦᠭᠡᠢ ᠶᠤᠮ ᠪᠣᠯ
ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᠬᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠬᠣᠢᠨᠠ ᠠ᠋ᠴᠠ ᠮᠠᠴᠤᠬᠤ ᠴᠠᠭ ᠠᠯᠠᠭᠠ ᠪᠠᠢᠨᠠ
ᠬᠡᠨ ᠨᠢᠭᠡᠨ ᠢ᠋ ᠭᠡᠢᠭᠦᠯᠬᠦ ᠦᠭᠡᠢ ᠶᠤᠮ ᠪᠣᠯ ᠶᠠᠯᠢᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠲᠤᠰᠯᠠᠭᠠᠳ ᠴᠤ᠌ ᠶᠠᠭᠠᠬᠢᠬᠤᠪ
ᠬᠡᠷᠪᠡ ᠥᠪᠡᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠨ ᠬᠣᠬᠢᠷᠠᠬᠤ ᠶᠤᠮ ᠪᠣᠯ ᠭᠡᠢᠭᠦᠯᠵᠦ ᠲᠤᠰᠠᠯᠠᠬᠤ ᠴᠤ᠌ ᠶᠠᠭᠠᠮᠠᠢ
ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠯᠠᠭ ᠦᠭᠡᠢ ᠯᠡ ᠶᠠᠪᠤᠪᠠᠯ ᠠᠭᠤᠤ ᠲᠤᠰᠠ ᠮᠢᠨᠢ ᠲᠡᠷᠡ
ᠠᠮᠢᠨ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ ᠠᠷᠴᠢᠲᠢ ᠶᠠᠪᠤᠪᠠᠯ ᠠᠯᠳᠠᠷ ᠭᠠᠪᠢᠶᠠ ᠮᠢᠨᠢ ᠲᠡᠷᠡ
ᠬᠥᠮᠦᠨ ᠳ᠋ᠦ᠍ ᠬᠥᠮᠦᠨ ᠬᠡᠷᠡᠭᠲᠡᠢ ᠭᠡᠳ ᠬᠦᠷᠲᠡᠭᠰᠡᠨ ᠪᠦᠬᠦᠨ ᠲᠡᠢ ᠨᠠᠭᠠᠯᠳᠤᠭᠰᠠᠨ ᠠ᠋ᠴᠠ
ᠬᠦᠨᠳᠦᠯᠡᠬᠦ ᠶᠣᠰᠣᠲᠠᠢ ᠨᠥᠬᠥᠷ ᠲᠣᠭᠠᠲᠠᠢᠬᠠᠨ ᠪᠠᠢᠪᠠᠯ ᠳᠡᠭᠡᠷᠡ
ᠬᠡᠲᠦᠷᠬᠡᠢ ᠵᠠᠳᠠᠭᠠᠢ ᠨᠥᠬᠥᠷ ᠶᠠᠭᠤ ᠤᠷᠤᠭᠤ ᠴᠤ᠌ ᠲᠦᠯᠬᠢᠵᠦ ᠮᠠᠭᠠᠳ ᠦᠭᠡᠢ
ᠬᠡᠳᠦ ᠨᠢ ᠲᠡᠭᠡᠭᠡᠳ ᠬᠦᠨᠳᠦ ᠵᠦᠰᠦᠮ ᠲᠠᠯᠬᠠ ᠯᠠ ᠦᠨᠡᠨᠴᠢ ᠪᠠᠢᠨᠠ
ᠰᠠᠢᠬᠠᠨ ᠬᠡᠦᠬᠡᠨ ᠴᠦ᠍ ᠭᠡᠰᠡᠨ ᠳᠡ ᠴᠠᠭᠠᠨᠠ ᠪᠠᠨ ᠶᠠᠮᠠᠷ ᠬᠥᠮᠦᠨ ᠪᠣᠢ?
ᠰᠠᠷᠠ ᠰᠢᠭ᠋ ᠭᠢᠯᠠᠭᠠᠷ ᠮᠥᠷᠲᠡᠯᠡ ᠬᠦᠢᠲᠡᠨ ᠴᠡᠪᠳᠡᠭ ᠪᠣᠯ ᠶᠠᠭᠠᠬᠢᠨᠠ
ᠰᠠᠪᠠ ᠪᠣᠯᠤᠭᠠᠳ ᠬᠡᠮᠵᠢᠶᠡ ᠨᠢ ᠪᠤᠰᠤᠳ ᠤ᠋ᠨ ᠯᠠ ᠠᠳᠠᠯᠢ ᠪᠣᠯᠬᠣᠷ
ᠰᠠᠷᠠᠭᠤᠯ ᠭᠡᠭᠡᠨ ᠳᠦᠷᠢ ᠨᠢ ᠰᠢᠯᠦᠭ ᠲᠦ᠍ ᠯᠡ ᠬᠡᠷᠡᠭᠲᠡᠢ ᠶᠤᠮ ᠰᠢᠦ
ᠰᠢᠯᠦᠭ᠂ ᠪᠡᠶᠡ ᠬᠣᠶᠠᠷ ᠢ᠋ ᠮᠢᠨᠢ ᠬᠢᠮᠤᠰᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᠳᠦᠢ ᠬᠦᠨᠳᠦᠯᠡᠳᠡᠭ ᠪᠣᠯ
ᠰᠢᠳᠦ ᠲᠡᠢ᠂ ᠰᠢᠲᠦ ᠦᠭᠡᠢ ᠬᠠᠮᠢᠶᠠ ᠦᠭᠡᠢ ᠬᠠᠷᠠ ᠴᠠᠭᠠᠨ ᠢᠯᠭᠠᠭᠠ ᠦᠭᠡᠢ
ᠨᠣᠢᠷ ᠲᠤ᠌ ᠵᠢᠭᠠᠬᠠᠨ ᠰᠡᠷᠭᠡᠭ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ᠌ ᠵᠢᠭᠠᠬᠠᠨ ᠦᠨᠡᠨᠴᠢ ᠪᠣᠯ
ᠨᠣᠮ ᠲᠠᠢ᠂ ᠨᠣᠮ ᠦᠭᠡᠢ ᠶᠠᠭᠠᠮᠠᠢ ᠪᠡᠶᠡ ᠨᠢ ᠯᠡ ᠪᠦᠲᠦᠨ ᠪᠣᠯ
ᠡᠴᠦᠰ ᠦ᠋ᠨ ᠡᠴᠦᠰ ᠲᠦ᠍ ᠲᠡᠭᠡᠭᠡᠳ ᠥᠪᠡᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠨ ᠥᠪᠡᠷᠲᠡᠭᠡᠨ ᠨᠥᠬᠥᠷ
ᠡᠷᠡᠰᠯᠡᠭᠡᠳ ᠢᠷᠡᠬᠦ ᠠᠶᠤᠯ ᠳ᠋ᠤ᠌ ᠥᠪᠡᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠨ ᠥᠪᠡᠷᠲᠡᠭᠡᠨ ᠦᠨᠡᠨᠴᠢ
ᠡᠭᠦᠨ ᠡᠴᠡ ᠪᠤᠰᠤᠳ ᠨᠢ ᠴᠥᠮ ᠬᠠᠭᠤᠷᠮᠠᠴᠢ ᠪᠠᠢᠳᠠᠭ ᠢ᠋ ᠤᠬᠠᠭᠠᠷᠠᠯᠠ
ᠡᠷᠬᠡ ᠴᠢᠯᠥᠭᠡ ᠭᠡᠳᠡᠭ ᠬᠥᠮᠦᠨ ᠳ᠋ᠦ᠍ ᠪᠢᠰᠢ ᠥᠪᠡᠷ ᠲᠦ᠍ ᠪᠠᠢᠨᠠ
ᠠᠷᠭᠢᠵᠤ ᠨᠠᠷᠭᠢᠵᠤ ᠶᠠᠪᠤᠭᠰᠠᠨ ᠤᠷᠢᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠥᠬᠥᠷ ᠴᠢᠨᠢ ᠬᠤᠪᠢᠷᠠᠵᠤ
ᠠᠳᠠᠢᠷ ᠵᠣᠵᠢᠭ ᠡᠪᠦᠭᠡᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠳᠤᠮᠳᠠ ᠵᠠᠮᠬᠠᠷᠠᠨᠠ
ᠠᠯᠲᠠᠨ ᠰᠠᠢᠬᠠᠨ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠳ ᠲᠦ᠍ ᠮᠢᠨᠦ ᠶᠠᠮᠠᠷ ᠶᠠᠪᠤᠭᠰᠠᠨ ᠢ᠋
ᠠᠯᠠᠭ ᠬᠣᠩᠭᠣᠷ ᠵᠢᠷᠦᠬᠡᠨ ᠳ᠋ᠦ᠍ ᠪᠡᠨ ᠨᠠᠢᠵᠠ ᠨᠠᠷ ᠮᠢᠨᠢ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠭᠠᠷᠠᠢ
ᠬᠠᠷᠢᠨ ᠭᠠᠭᠴᠠᠬᠠᠨ ᠶᠠᠭᠤᠮᠠ ᠡᠭᠦᠷᠢᠳᠡ ᠬᠡᠪ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠨ ᠦᠯᠡᠳᠡᠨᠡ
ᠬᠠᠷᠠᠩᠭᠤᠢ ᠰᠥᠨᠢ ᠪᠡᠷ ᠣᠴᠢᠭᠰᠠᠨ ᠴᠤ᠌ ᠡᠭᠦᠳᠡ ᠪᠡᠨ ᠶᠠᠭᠠᠷᠠᠨ ᠲᠠᠢᠯᠵᠤ
ᠬᠠᠨ ᠬᠣᠷᠸᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᠬᠢᠨ ᠳ᠋ᠦ᠍ ᠴᠢᠮᠡᠭ ᠪᠣᠯᠭᠠᠨ ᠪᠠᠷᠢᠬᠤ
ᠬᠠᠯᠬᠠ ᠰᠢᠯᠦᠭ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠷ ᠪᠢ ᠴᠢᠨᠢ ᠬᠡᠨ ᠢ᠋ ᠴᠦ᠍ ᠭᠡᠰᠡᠨ ᠳᠠᠢᠯᠠᠨᠠ
ᠤᠷᠢᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠳᠠᠯᠢ ᠪᠢ ᠰᠢᠯᠦᠭ ᠲᠦ᠍ ᠪᠡᠨ ᠦᠨᠡᠨᠴᠢ ᠶᠠᠪᠤᠨᠠ
ᠤᠨᠠᠨ ᠪᠣᠰᠤᠨ ᠬᠠᠨᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠬᠢ ᠰᠢᠯᠦᠭ ᠲᠡᠢ ᠪᠡᠨ ᠦᠬᠦᠨᠡ
ᠤᠷᠤᠭᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠰᠠᠷᠬᠤᠳ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠥᠮᠦᠨ ᠦ᠌ ᠲᠤᠬᠠᠢ ᠪᠢᠴᠢᠨᠡ
ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠷᠢᠨ ᠪᠢᠴᠢᠬᠦ ᠦᠭᠡᠢ
ᠨᠠᠢᠷᠠᠭᠴᠢ ᠶᠠᠪᠤᠨᠠ ᠭᠡᠳᠡᠭ ᠪᠤᠰᠤᠳ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠷᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ᠌ ᠰᠠᠢᠬᠠᠨ ᠴᠤ᠌
ᠨᠠᠰᠤ ᠪᠡᠶᠡ ᠳ᠋ᠦ᠍ ᠴᠥᠪ ᠲᠡᠢ ᠬᠠᠲᠠᠭᠤ ᠬᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶᠤᠮ ᠪᠠᠢᠨᠠ
ᠬᠣᠷᠢᠨ ᠬᠡᠳᠦᠨ ᠨᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠪᠠᠨ ᠴᠢᠮᠥᠭᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠤᠨᠳᠠᠷᠠᠲᠠᠯᠠ ᠰᠠᠭᠤᠭᠰᠠᠨ
ᠬᠣᠭᠣᠯᠠ ᠦᠭᠡᠢ ᠡᠳᠦᠷ ᠨᠣᠢᠷ ᠦᠭᠡᠢ ᠰᠥᠨᠢ ᠪᠡᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠨ ᠬᠣᠷᠸᠠ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠢ ᠪᠠᠬᠠᠷᠬᠠᠨᠠ
ᠪᠤᠷᠤᠭᠤ ᠴᠤ᠌ ᠪᠠᠢ᠂ ᠵᠥᠪ ᠴᠦ᠍ ᠪᠠᠢ ᠡᠪᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠯᠤᠭᠠᠷ ᠳᠡᠪᠲᠡᠷ ᠳᠡᠭᠡᠷᠡᠬᠢ
ᠪᠤᠰᠤᠳ ᠬᠡᠨ ᠦ᠌ ᠴᠦ᠍ ᠪᠢᠴᠢᠭᠡ ᠦᠭᠡᠢ ᠥᠪᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠯᠦᠭ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠨ ᠪᠠᠶᠠᠷᠬᠠᠨᠠ
ᠠᠯᠠᠳᠠᠭᠰᠠᠨ ᠴᠤ᠌ ᠪᠠᠢ᠂ ᠤᠨᠤᠭᠰᠠᠨ ᠴᠤ᠌ ᠪᠠᠢ ᠰᠢᠯᠦᠭ ᠦ᠋ᠨ ᠮᠢᠨᠢ ᠵᠣᠪᠠᠯᠠᠩ ᠢ᠋ ᠬᠤᠪᠢᠶᠠᠯᠴᠠᠵᠤ
ᠠᠷᠢᠬᠢᠳᠠᠵᠤ ᠨᠠᠷᠭᠢᠵᠤ ᠶᠠᠪᠤᠭᠰᠠᠨ ᠨᠥᠬᠥᠳ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠨ ᠪᠢ ᠣᠮᠣᠭᠣᠷᠬᠠᠨᠠ
ᠨᠠᠰᠤᠨ ᠪᠠᠭᠠ ᠯᠠ ᠴᠠᠭ ᠠ᠋ᠴᠠ ᠮᠢᠨᠦ ᠴᠢᠨᠦ ᠭᠡᠯ ᠦᠭᠡᠢ
ᠨᠠᠢᠷᠠᠭ ᠬᠡᠮᠡᠬᠦ ᠡᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᠭᠡᠨ ᠰᠦ ᠪᠡᠷ ᠠᠮᠢᠯᠠᠭᠰᠠᠨ
ᠪᠡᠶᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠢᠰᠢ ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠬᠠᠨ ᠲᠡᠭᠦᠰ ᠮᠢᠨᠢ
ᠪᠢᠰᠢᠭᠦᠢ ᠶᠡᠬᠡ ᠨᠠᠷᠭᠢᠯᠠ ᠵᠢᠩᠬᠢᠨᠢ ᠰᠢᠯᠦᠭ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠨ ᠪᠢᠴᠢᠶᠡ
ᠦᠰᠦᠭ ᠠᠮᠢᠯᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠨᠢ᠄ ᠪᠣᠷᠵᠢᠭᠢᠨ ᠠᠵᠠᠵᠠᠶᠠᠭᠠ
ᠦᠰᠦᠭ ᠬᠠᠲᠠᠭᠰᠠᠨ᠄ ᠪᠣᠷᠵᠢᠭᠢᠨ ᠠᠵᠠᠵᠠᠶᠠᠭᠠ
ᠬᠢᠨᠠᠭᠴᠢ ᠪᠠᠭᠰᠢ᠄ ᠢᠷᠡᠭᠡᠳᠦᠢ
ᠮᠠᠲ᠋ᠧᠷᠢᠠᠯ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ᠄ ᠰᠠᠮᠫᠸᠯᠨᠣᠷᠪᠤ
Найз нартаа бичсэн захидал
Р. Чойном
Найз л та нартаа би захидал бичихийн учир
Нас л биеийн минь үдийн халуун өнгөрлөө
Найрсаг шүлгийн минь үүлэн сүүдэр нимгэрлээ
Наргиан даргиан үзэл бодол минь хувирлаа
Үеийн та нартаа би захидал бичихийн учир
Үзэх ёстойг үзэж, дуулж болохыг дууллаа
Үг, цаг хоёроо хэмнэдэг цаг минь боллоо
Үймээн аймаан багын зан минь хувирлаа
Өөрийн гэсэн үедээ зэргийн нөхдөө олж
Өглөө жиргэх болжморын өрөөсөн жигүүр болж
Өнөр их найргийн тэнгэрээр цойлж явахдаа
Өнөөдрийг бодвол би овоо л явсан байж магадгүй
Намайг ямар байсныг яг л тэр өдрүүдийн минь
Найраг шүлэгтэй хамт сэтгэлдээ үүрд хадгалаарай
Найрын дугарааг орхиж найзын ёсыг огоорч
Нам гүмхэн буланд нарлах цаг минь үлдлээ
Саваагүй нь үнэн гэлээ ч шүлэгч хүний сэтгэл
Салхины чиг заадаг дунд сургуулийн багаж шиг
Өглөө заасан чигээ орой солих учиргүй ч
Өсөх, өтлөх хуульд хэмжээ гэж байдаг байна
Хүний мөс гэж би хүнд сайныг боддогсон
Хүмүүсийг гэсээр яваад өөрөө хохирох ёсон байна
Хүртсэн энэ бие олдсон авъяас хоёртоо
Хүнийрхүү явах юм бол амьдарсаны хэрэг юу вэ?
Амьдрал гэж би залуу цагийн мөрөөсөл
Алдаа оноо алагласан алсын харгуй зам
Амраг бүсгүйн хүзүүн дээрх цус хурсан толбо
Архин дээр унших шүлэг найз нар гэж боддогсон
Эдэлсэн хураасан юмгүй алдрын титэм өмсөх
Эхнэрээ хоолгүй орхиод архидаж завхарч явах
Эрх чөлөөний тухай ам мэдэн дэмийрэх
Энэ бүхэндээн би өөрөөсөө ч хайртай явлаа
Ингэж явлаа гээд гийсэн нь аль вэ? гэж
Ихэнх хүмүүс асуудагсан /тэд ч бас тэнэг байж/
Эрэггүй урссан гол шиг хавийн газрыг чийглэж
Элсэн биедээ хүртэл цэцэг ургуулж явсан юм
Залуу цагийн нөхөдтэй салхи залгиж явсаных
Замбуутивийг ойлгож хүмүүсийн ёсыг таньжээ
Зүрхний тольтон дээр минь тонгочиж өсөх шүлгийн
Зүүд зөнд багтамгүй онгод цадигийг олжээ
Саванд буцалсан юмны гарах нүхийг бөглөвөөс
Санаандгүй нэг газраараа тэсэрч урагдах ёс бий
Сагсуу залуу насандаа дэндүү задгай явсаных
Сайхан бүхнийг ч оллоо, муу нэрийг ч хүртлээ
Одоо яахав надад эрлийн биш бүтээлийн цаг
Олохын төлөө бус олсоноо эдлэхийн төлөө үе
Овон товонтой замаар үсээ цайтал тэнэж
Орчлонд гайхуулах юм шүлгийн төдий үлдэж ...
Эсэн бусын дэвэргэл наадам хэрүүл
Энд тэндэхийн үдэшлэг гашуудал талархал дурлал
Элбэг сэтгэл гаргах туслах услах цуслах
Энэ бүхэн баяртай үймж дарвиж ханалаа
Шидийг олох эрдэм хутгийг олох увидасыг ч
Шимтгэж сурах сан гэж нойргшй хонохын гарз
Шинээр бичих шүлэгт л нэгэн шад нэмэхгүй юм бол
Шинжлэх ухааны хойноос мацах цаг алга байна
Хэн нэгнийг гийгүүлэхгүй юм бол ялихгүй туслаад ч яахав
Хэрэв өөрөө хохирох юм бол гийгүүлж туслах ч яамай
Амьтанд балаггүй л явбал агуу тус минь тэр
Аминдаа арчаатай явбал алдар гавъяа минь тэр
Хүнд хүн хэрэгтэй гээд хүртсэн бүхэнтэй наалдсанаас
Хүндлэх ёстой нөхөр тоотойхон байвал дээр
Хэтэрхий задгай нөхөр юу уруу ч түлхэж магадгүй
Хэт нь тэгээд хүнд зүсэм талх нь үнэнч байна
Сайхан хүүхэн ч гэсэндээ цаанаа ямар хүн бэ?
Сар шиг гялгар мөртлөө хүйтэн цэвдэг бол яана
Сав болоод хэмжээ нь бусдын л адил болохоор
Саруул гэгээн дүр нь шүлэгт л хэрэгтэй юм шив
Шүлэг, бие хоёрыг минь хумсын төдий хүндэлдэг бол
Шүдтэй, шүлгүй хамаагүй хар цагаан ялгаагүй
Нойрт жаахан сэргэг амьдралд жаахан үнэнч бол
Номтой, номгүй яамай бие нь л бүтэн бол
Эцсийн эцэст тэгээд өөрөө өөртөө нөхөр
Эрслээд ирэх аюулд өөрөө өөртөө үнэнч
Энэнээс бусад нь цөм хуурамч байдгийг ухаарлаа
Эрх чөлөө гэдэг хүнд биш өөрт байна
Аргиж наргиж явсан урьдын нөхөр чинь хувирч
Адайр зожиг өвгөн улсын дунд замхарна аа
Алтан сайхан өдрүүдэд миний ямар явсаныг
Алаг хонгор зүрхэндээ найз нар минь хадгалаарай
Харин ганцхан юм үүрд хэвээрээ үлдэнэ
Харанхуй шөнөөр очсон ч үүдээ яаран тайлж
Хан хорвоогийн чихэнд чимэг болгон барих
Халх шүлгээр би чинь хэнийг ч гэсэн дайлна
Урьдын адил би шүлгэндээ үнэнч явна
Унан босон ханилсаных шүлэгтэйгээн үхнэ
Уруулын тухай сархадын тухай хүний тухай бичнэ
Улсын тухай засгийн тухай харин бичихгүй
Найрагч явна гэдэг бусдын харахад сайхан ч
Нас биед цөвтэй хатуу хөдөлмөр юм байна
Хорин хэдхэн насныхаа чөмгийг дундартал суусан
Хоолгүй өдөр нойргүй шөнөөрөө хорвоод би бахархана
Буруу ч бай, зөв ч бай өврийн хулгар дэвтэр дээрх
Бусад хэний ч бичээгүй өөрийн шүлгээрээ баярхана
Алдсан ч бай, оносон ч бай шүлгийн минь зовлонг хуваалцаж
Архидаж наргиж явсан нөхдөөрөө би омгорхоно
Насан бага л цагаас миний чиний гэлгүй
Найраг хэмээх ээжийн нэгэн сүүгээр амилсан
Биеийн биш сэтгэлийн ахан дүүс минь
Бишгүй их наргилаа жинхэнэ шүлгээн бичье.