ᠨᠤᠮᠤ ᠰᠤᠮᠤ ᠶᠢᠨ ᠮᠠᠭᠲᠠᠭᠠᠯ Нум сумын магтаал
ᠨᠤᠮᠤ ᠰᠤᠮᠤ ᠶᠢᠨ ᠮᠠᠭᠲᠠᠭᠠᠯ
ᠣᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠯᠠᠨ ᠮᠣᠳᠣᠨ ᠤ᠋ ᠳᠣᠲᠣᠷᠠ ᠠ᠋ᠴᠠ
ᠣᠨᠴᠠᠭᠠᠢ ᠨᠢᠭᠡ ᠰᠢᠯᠤᠭᠤᠨ ᠪᠤᠷᠭᠠᠰᠤ ᠶ᠋ᠢ
ᠭᠣᠴᠣᠯᠠᠨ ᠠᠪᠴᠤ ᠰᠣᠩᠭᠣᠭᠠᠳ
ᠬᠣᠶᠠᠷ ᠲᠣᠬᠣᠢ ᠪᠠᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠨ ᠬᠡᠮᠵᠢᠵᠦ
ᠬᠣᠪᠢᠯ ᠬᠠᠷᠠᠭᠤᠯ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠷ ᠬᠠᠷᠠᠭᠤᠯᠳᠠᠵᠤ
ᠬᠠᠭᠤᠷᠠᠢ ᠵᠦᠯᠭᠦᠭᠦᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠷ ᠵᠦᠯᠭᠦᠭᠦᠷᠳᠡᠵᠦ
ᠬᠤᠷᠳᠤᠨ ᠴᠠᠭᠠᠨ ᠰᠤᠮᠤ ᠪᠣᠯᠭᠠᠭᠰᠠᠨ ᠭᠡᠳᠡᠭ᠃
ᠬᠥᠬᠡᠷᠡᠨ ᠬᠠᠷᠠᠭᠳᠠᠳᠠᠭ
ᠬᠥᠬᠡ ᠣᠭᠲᠠᠷᠭᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠣᠣᠭᠤᠷ
ᠬᠠᠯᠢᠵᠤ ᠨᠢᠰᠴᠦ᠂ ᠳᠡᠪᠢᠵᠦ ᠪᠠᠭᠤᠳᠠᠭ
ᠳᠡᠰ ᠵᠢᠭᠦᠷᠲᠡᠨ ᠦ᠌ ᠥᠳᠥ ᠶ᠋ᠢ
ᠲᠠᠯᠠᠲᠠᠢᠬᠠᠨ ᠬᠡᠮᠵᠢᠭᠡᠳ
ᠳᠠᠭᠠᠷᠢᠵᠤ ᠲᠠᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠠᠳ
ᠲᠠᠯᠠᠯᠠᠨ ᠵᠦᠰᠦᠵᠦ
ᠤᠷᠲᠤᠬᠠᠨ ᠠ᠋ᠴᠠ ᠨᠢ ᠰᠢᠯᠢᠵᠦ ᠠᠪᠤᠭᠠᠳ
ᠤᠷᠠᠨ ᠬᠥᠮᠦᠨ ᠦ᠌ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠷ
ᠤᠷᠠᠯᠠᠵᠤ ᠬᠢᠬᠦ ᠳ᠋ᠦ᠍ ᠪᠡᠨ
ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠳᠠᠯᠠᠢ ᠶ᠋ᠢ ᠭᠠᠲᠤᠯᠵᠤ ᠱᠤᠩᠭᠤᠭᠰᠠᠨ
ᠭᠠᠩᠭᠠ ᠮᠥᠷᠡᠨ ᠢ᠋ ᠨᠡᠪᠲᠡᠯᠦᠨ ᠱᠤᠩᠭᠤᠭᠰᠠᠨ
ᠠᠯᠲᠠᠨ ᠨᠢᠳᠦᠲᠦ ᠠᠩᠭᠠᠯᠵᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠭᠠᠰᠤ ᠶ᠋ᠢ
ᠬᠠᠷᠪᠤᠵᠤ ᠨᠠᠮᠨᠠᠭᠠᠳ ᠬᠠᠯᠢᠰᠤᠯᠠᠵᠤ ᠥᠪᠴᠢᠭᠡᠳ
ᠬᠠᠨᠳᠠᠯᠠᠵᠤ ᠴᠢᠨᠠᠭᠠᠳ
ᠬᠠᠯᠲᠠᠷ ᠴᠠᠪᠠᠤ ᠪᠣᠯᠭᠠᠨ ᠨᠠᠭᠠᠯᠳᠤᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠭᠡᠳᠡᠭ᠃
ᠪᠠᠯᠪᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠷᠬᠠᠨ ᠪᠠᠯᠪᠠᠵᠤ ᠬᠢᠭᠰᠡᠨ
ᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠳᠠᠷᠬᠠᠨ ᠳᠠᠪᠲᠠᠵᠤ ᠬᠢᠭᠰᠡᠨ
ᠭᠠᠩ ᠲᠡᠮᠦᠷ ᠢ᠋ ᠰᠡᠢᠯᠵᠦ ᠬᠢᠭᠰᠡᠨ
ᠭᠠᠯᠠᠭᠤᠨ ᠤ᠋ ᠲᠠᠪᠠᠭ ᠢ᠋ ᠶᠠᠩᠵᠤᠯᠠᠭᠤᠯᠵᠤ ᠬᠢᠭᠰᠡᠨ
ᠵᠠᠪᠠ ᠲᠠᠢ ᠭᠡᠳᠡᠭ
ᠲᠠᠷᠢᠬᠢᠨ ᠳ᠋ᠤ᠌ ᠤᠷᠭᠤᠭᠰᠠᠨ ᠡᠪᠡᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠷ ᠡᠯᠢᠭᠡᠯᠡᠨ ᠬᠢᠭᠰᠡᠨ
ᠲᠠᠬᠢᠮᠠᠨ ᠳ᠋ᠤ᠌ ᠤᠷᠭᠤᠭᠰᠠᠨ ᠰᠢᠨᠳᠠᠰᠤ ᠪᠠᠷ ᠠᠷᠯᠠᠨ ᠬᠢᠭᠰᠡᠨ
ᠡᠷᠡ ᠦᠬᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠡᠰᠬᠡᠵᠦ ᠵᠦᠰᠦᠭᠡᠳ᠂
ᠡᠯᠳᠡᠵᠦ ᠨᠤᠬᠤᠭᠠᠳ ᠡᠷᠴᠢᠯᠡᠨ ᠮᠤᠰᠬᠢᠵᠦ ᠬᠢᠭᠰᠡᠨ
ᠬᠥᠪᠴᠢ ᠲᠡᠢ ᠲᠤᠯᠠ
ᠬᠠᠷᠪᠤᠬᠤ ᠳ᠋ᠤ᠌ ᠮᠡᠷᠭᠡᠨ
ᠬᠠᠨᠢᠯᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ᠌ ᠡᠶᠡᠯᠳᠡᠭ
ᠳᠠᠢᠨ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠭᠠᠲᠤᠷ᠂
ᠳᠠᠭᠠᠭᠠᠮᠠᠭᠠᠢ ᠤᠨᠤᠭᠠ ᠲᠠᠢ
ᠡᠵᠡᠨ ᠳ᠋ᠦ᠍ ᠪᠡᠨ ᠡᠭᠡᠯᠢᠲᠡᠢ
ᠡᠪᠡᠷ ᠰᠢᠷᠠ ᠨᠣᠮᠣᠨ ᠤ᠋
ᠴᠣᠯᠠ ᠶ᠋ᠢ ᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠠᠵᠢ᠃
Нум сумын магтаал
Ойн олон модны дотроос
Онцгой нэг шулуун бургасыг
Гоцлон авч сонгоод
Хоёр тохойгоороо хэмжиж
Ховил харуулаар харуулдаж
Хуурай зүлгүүрээр зүлгүүрдэж
Хурдан цагаан сум болгосон гэдэг.
Хөхрөн харагддаг
Хөх огторгуйн доогуур
Хальж нисэж, дэвэж буудаг
Тас жигүүртний өдийг
Талтайхан хэмжээд
Тайрч тааруулаад
Таллан зүсэж
Уртханаас нь шилж аваад
Уран хүний ухаанаар
Урлаж хийхдээ
Гадаад далайг гаталж шунгасан
Ганга мөрнийг нэвтлэн шунгасан
Алтан нүдэт Ангалзсан загасыг
Харваж намнаад
Хальсалж өвчөөд
Хандалж чанаад
Халтар цавуу болгон
Наалдуулсан гэдэг.
Балбын дархан балбаж хийсэн
Баатар дархан давтаж хийсэн
Ган төмрийг сийлж хийсэн
Галууны тавгийг янзлуулж хийсэн зэвтэй гэдэг
Тархинд ургасан эврээр элэглэн хийсэн
Тахиманд ургасан шандсаар арлан хийсэн
Эр үхрийн ширийг
Эсгэж зүсээд, элдэж нухаад
Эрчлэн мушгиж хийсэн хөвчтэй тул
Харвахад мэргэн ханилахад эелдэг
Дайнд баатар, даамай оноотой
Эзэндээ ээлтэй
Эвэр шар нумны цолыг олсон ажээ.
Онцгой нэг шулуун бургасыг
Гоцлон авч сонгоод
Хоёр тохойгоороо хэмжиж
Ховил харуулаар харуулдаж
Хуурай зүлгүүрээр зүлгүүрдэж
Хурдан цагаан сум болгосон гэдэг.
Хөхрөн харагддаг
Хөх огторгуйн доогуур
Хальж нисэж, дэвэж буудаг
Тас жигүүртний өдийг
Талтайхан хэмжээд
Тайрч тааруулаад
Таллан зүсэж
Уртханаас нь шилж аваад
Уран хүний ухаанаар
Урлаж хийхдээ
Гадаад далайг гаталж шунгасан
Ганга мөрнийг нэвтлэн шунгасан
Алтан нүдэт Ангалзсан загасыг
Харваж намнаад
Хальсалж өвчөөд
Хандалж чанаад
Халтар цавуу болгон
Наалдуулсан гэдэг.
Балбын дархан балбаж хийсэн
Баатар дархан давтаж хийсэн
Ган төмрийг сийлж хийсэн
Галууны тавгийг янзлуулж хийсэн зэвтэй гэдэг
Тархинд ургасан эврээр элэглэн хийсэн
Тахиманд ургасан шандсаар арлан хийсэн
Эр үхрийн ширийг
Эсгэж зүсээд, элдэж нухаад
Эрчлэн мушгиж хийсэн хөвчтэй тул
Харвахад мэргэн ханилахад эелдэг
Дайнд баатар, даамай оноотой
Эзэндээ ээлтэй
Эвэр шар нумны цолыг олсон ажээ.
